Ерөнхий сайд коронавирусний вакцины анхны тунг хийлгэлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хэмжээнд коронавирусний вакцин тарих ажлыг эхлүүлж, өнөөдөр анхны тунг хийлгэлээ. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Асртазенека” вакцин хийлгэсэн юм.

Монгол Улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа билээ.

Энэ хүрээнд өчигдөр БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "Астразенека" вакцины 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Синофарм" компанийн "Verocell" вакцины 300 мянган тунг хүлээн аваад байгаа бөгөөд өнөөдрөөс дархлаажуулах ажил эхэлж байна.

Коронавирусний вакциныг 16, 18-аас дээш насны хүнд тарих ёстой бөгөөд хүүхдэд хийх вакцин судалгааны шатанд яваа юм. Монгол Улс насанд хүрсэн, 2 сая орчим иргэнээ энэ оны долоодугаар сард багтаан дархлаажуулахаар төлөвлөж байна. Үүнээс эхний ээлжинд цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг вакцинд хамруулах юм.