Коронавируст халдварын 48 тохиолдол бүртгэгдэв

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 48 хүн коронавирусээр халдварласныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Орон нутгийн 7 лаборатори, Улаанбаатар хотын 11 лабораторид 13 108 шинжилгээ хийснээс коронавируст халдварын 48 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 3000 болов. Гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн болон орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, дотоодод халдвар авсан 2481 хүн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 31 хүнийг эмчилж эмнэлгээс гаргасан бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 77,6 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд өнөөдөр 655 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр 71, хүнд 9, нэн хүнд нэг хүн байна.

Шинээр халдвар авсан 48 тохиолдлын 43 хүн нь хяналтад авсан голомтын ойрын хавьтал, 2 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр илэрсэн бол 3 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор судалж байгаа аж.

Коронавируст халдварын тохиолдлууд үйлдвэр үйлчилгээ, хүнс, худалдааны цэгүүдэд бүртгэгдэж байгаа тул олон хүн цугласан газраар явахдаа амны хаалт зүүн, хүн хоорондын зай барьж, гараа угааж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр зөвлөв.