Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж буй жолооч нарыг энэ сард дархлаажуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов.

Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзэж байгаа юм.

Монгол Улс өнгөрсөн сарын 23-наас цар тахлын голомтод ажиллаж буй ажилтнуудаа вакцинжуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 11 мянга 123 албан хаагчийг Астразенека вакцинаар дархлаажуулаад байгаа юм.

Ташрамд дурдахад, Монгол Улс ДЭМБ-ын баталгаажуулсан Астразенека вакцинаар иргэдээ дархлаажуулахаар татан аваад байна. Мөн ОХУ-ын Спутник 5, БНХАУ-ын Синофармын вакциныг авсан бөгөөд ДЭМБ баталгаажуулсан даруйд уг вакциныг ашиглахаар төлөвлөөд буй юм.