Улаанбаатар хотод 77 хүнээс коронавирус илэрчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 77 хүнээс коронавирус илэрчээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт юм.

Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3153-д хүрч, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2634 болж байна. Гадаад орноос зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй явуулын автолаборатори, НЭМҮТ, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг ажиллаж буй салбар лабораториудад нийт 13 206 хүнд шинжилгээ хийсэн байна.

Нийт 2442 хүн буюу 77 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Шинээр бүртгэгдсэн 77 тохиолдлын 71 нь ойрын хавьтлаас буюу 61 нь анхны, 10 нь хоёр дахь шинжилгээгээр илэрсэн бол таван хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж. Түүнчлэн нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлалтад авчээ.