Б.Ууганбат: 1800-1200 тусгай дугаар иргэдээс 24 цагаар дуудлага хүлээн авч, мэдээлэл өгч ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч, тулгамдсан асуудлыг холбогдох төрийн байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэн ажиллаж байна. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа.

-Ковидын үед нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 утас хэрхэн ажиллаж байна вэ. Нийт хэдэн шугамаар иргэдээс дуудлага авч байна вэ?

-Шат шатны онцгой комиссын гаргасан шийдвэр, холбогдох төрийн байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэртэй холбоотойгоор иргэдэд мэдээ, мэдээлэл авах хэрэгцээ, шаардлага тун өндөр байна. Үүнтэй холбогдуулаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс СallСenter-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, илүү хурдан, шуурхай болгох, ажлын цагийн тусгай горимд орох зэрэг чиглэл, үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу өнөөдрийн байдлаар Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдээс 20 шугамаар 24 цагаар дуудлага хүлээн авч, мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна. Бид цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад дуудлага өндөр байгаа тохиолдолд 100 хувь хүчин чадлаараа ажилладаг. Өөрөөр хэлбэл, нэг ээлжид 20 операторын бүрэлдэхүүнтэй, 24:48 гэсэн цагийн хуваариар 60 хүний бүрэлдэхүүнтэй тасралтгүй ажиллаж байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны гуравдугаар сарын 25-ны хооронд нийт 82236 дуудлагад хариу өгч ажилласан.

-Иргэдээс зонхилон ямар дуудлага ирж байна вэ?

-Өнгөрсөн арваннэг, арванхоёр, нэгдүгээр сард тээврийн хэрэгслээр QR кодоор зорчихтой холбоотой мэдээлэл дуудлагын ихэнхийг эзэлж байсан бол хоёрдугаар сараас “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-тэй холбоотой асуудал, мөн хот хооронд тээврийн хэрэгслээр зорчих, шалган нэвтрүүлэх товчоодын талаарх мэдээ, мэдээлэл зонхилж байсан. Сүүлийн үед дархлаажуулалттай холбоотой асуудлаар их холбогдож байна.

-Өдөрт дунджаар хэдэн дуудлага иргэдээс ирж байна вэ. Мөн “Нийслэлийн мэдээ” чатботын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хөл хорионы үеэр Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өдөрт 1100 орчим дуудлага ирж байсан. Хөл хорио цуцалсан, хязгаарлалт тогтоогоогүй үед иргэдээс өдөрт дунджаар 350 орчим дуудлага ирдэг. “Нийслэлийн мэдээ” чатботыг 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс ажиллуулж эхэлсэн. Гуравдугаар сарын 25-н хүртэлх хугацаанд нийт 1223 иргэн хандаж, чатботоос мэдээлэл авсан байна. Чатботод болон 1800-1200 дугаараас иргэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл авч болно.

-Иргэдээс ирүүлж буй дуудлагад хэр зэрэг шуурхай хариу өгч байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд байна. Иргэнтэй ярих дундаж хугацаа бол 1.32 минут байгаа. Үүн дээр нэг зүйлийг тодруулж хэлэхэд, өнгөрсөн арванхоёр, нэгдүгээр сард иргэдтэй ярихад үргэлжлэх хугацааг одоогийнхтой харьцуулахад хоёр дахин өндөр байсан. Өөрөөр хэлбэл, 3.30 минут орчим байлаа. Ярианы үргэлжлэх хугацаа яагаад багассан гэхээр тухайн үед иргэдэд ойлгомжгүй асуудлууд их байсан. Тэр хэрээр иргэд олон асуулт асууна. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо одоогийнхтой харьцуулахад дутагдалтай байсан. Тиймээс тодорхой, ойлгомжтой хариулт өгөхөд их хүндрэлтэй байсан юм. Харин одоо харьцангуй сайжирч, хоёр минут орчмоор багассан. Мөн иргэдийн асуух асуулт ч тодорхой болсон байна.

-Иргэд шат шатны онцгой комисс, төрийн байгууллагуудын олон утасны хооронд төөрөлдөж байна гэж их гомдоллодог. Энэ чиглэлд нийслэлийн төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хэрхэн сайжруулж ажиллаж байна вэ?

-Иргэдээс өнгөрсөн хугацаанд нэлээдгүй гарч байсан гомдлуудын нэг бол энэ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд шат шатны онцгой комисс, төрийн байгууллагууд гарч байгаа алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллалаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, УОК-ын Шуурхай штабын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулаад НОК-ын даргын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тушаалаар НОК-ын Шуурхай штабын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Энэ бүрэлдэхүүн шинэчлэгдсэнээр Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс ирсэн тодорхойгүй, ойлгомжгүй асуудлыг холбогдох байгууллагуудаас нь тодруулж, цаашлаад өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлүүлж ажиллаж байгаа. Эдгээр албан хаагчид маань НОК-ын Шуурхай штабын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Энэ зохион байгуулалтыг хэрэгжүүлснээр ажлын хурд эрс сайжирч, үр дүн нэлээн тодорхой гарсан. Өөрөөр хэлбэл, операторуудыг мэдээллээр хангаж өгч байна. Амьдрал баян учраас бүх мэдээлэлд хариулах боломжгүй. Гаргасан шийдвэрүүдээр бүх харилцааг бүрэн дүүрэн зохицуулах боломжгүй бөгөөд иргэдээс төсөөлөөгүй, тооцоолоогүй асуултууд ирэхээр операторууд хариулах боломжгүй болдог. Тэгэхээр энэ асуудлыг дотоод удирдлагын системээр НОК-той холбогдож, шууд шилжүүлдэг. Тэнд тасралтгүй ажиллаж байгаа, энэ асуудлыг хариуцсан албан хаагч маань НОК-ын чиг үүргийн дотоод нэгж, эсвэл дүүргийн Онцгой комисс, холбогдох нутгийн захиргааны байгууллагуудаас мэдээллүүдийг нь яаралтай тодруулж, эргээд операторуудыг мэдээллээр хангах, тухайн хүний тулгамдсан, шийдвэрлэх ёстой асуудлыг шийдвэрлүүлж, иргэнд эргээд хариу өгнө. Ингэснээр иргэдийг чирэгдүүлэх асуудал үндсэндээ байхгүй болж байна.

Иргэд шинжилгээний цэгүүдийн талаар нийтлэг асуудаг. Учир нь, шинжилгээний цэгүүд ажлын өдөр болон амралтын өдрүүдэд өөр цагийн хуваариар ажилладаг. Энэ чиглэлийн тодорхой мэдээллүүдийг цаг тухайд нь шийдвэр гарсан тохиолдолд “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд оруулдаг. Тиймээс иргэд автомат хариулагчаас мэдээ, мэдээллийг бүрэн дүүрэн авч, зурган хэлбэрээр татаад авах боломжтой.