Монголын жүдочид өнөөдөр Бишкект эхлэх тэмцээнд оролцохгүй

“Дэлхий нийтийг хамраад байгаа “Ковид-19” цар тахлаас болж, Монголын жүдочид өнөөдөр эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо” гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Тодруулбал, Монголын шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул Зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрхийн оноо олгох Ташкентын Их дуулга /Гранд Слам/ тэмцээнд оролцохоор 2021 оны хоёрдугаар сарын 26-нд хилийн чанадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож 2 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, шагналт 5 дугаар байр эзэлсэн билээ.

Харин Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэлийг хийсэн. Энэ үеэр манай шигшээ багийн зарим тамирчнаас коронавирусний халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй. Улмаар коронавирусний халдвар илрээгүй шигшээ багийн тамирчид энэ тэмцээнд оролцож хос алт, хүрэл медаль хүртэж багаараа 3 дугаар байр эзэлсэн.

Тбилисид манай 5 тамирчинд тэмцээний өмнөх өдөр короновируст халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. Улмаар короновирусгий халдвар илэрсэн манай баг Анталиягийн Гранд Сламыг өнжөөд Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байсан боловч ийнхүү уг тэмцээнд оролцох боломжгүй боллоо.

Монголын шигшээ багийг ирэх 5, 6 дугаар саруудад “Токио-2020” олимпын эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ тус тус хүлээж байна.