И.Мөнхжаргал: Хууль ёсны даргыг Улсын дээд шүүх бүртгэнэ гэдэгт итгэлтэй байна

АН-ын ДоСХ-ноос өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан АН-ын даргыг сонгох дотоод сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан О.Цогтгэрэлийг энэ сарын 03-ны өдөр болсон АН-ын Их хурлаар батламжилсан билээ. Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхэд АН-ын дарга О.Цогтгэрэлийг ёсчлон баталсан АН-ын Их хурлын шийдвэрийг, нийт гишүүдийн саналын хуудасны хамт хүргүүлж байна. Энэ талаар АН-ын ДоСХ-ны дарга И.Мөнхжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Улсын дээд шүүхэд Улс төрийн намын тухай хуулийн дагуу О.Цогтгэрэлийг АН-ын даргад бүртгүүлэхээр ирлээ. Гуравдугаар сарын 28-ны өдөр намын дотоод сонгууль явагдаж, намын даргаа сонгосон. Дээд шүүхэд материалаа ирүүлэхдээ, түүний төлөө саналаа өгсөн АН-ын 74908 гишүүн, О.Цогтгэрэлийг дэмжсэн 43 мянган гишүүний гарын үсэг, холбогдох материал, мөн нийт гишүүдийн бүртгэлийг хамт хүргүүлж байна.

Дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн АН-ын ээлжит бус Их хурлаар О.Цогтгэрэлийг 330 сум, 9 дүүрэг, 21 аймгийн төлөөлөл болсон намын бүх гишүүдийн төлөөлөл дэмжсэн. Эдгээр дэмжсэн гишүүдийн гарын үсэг, саналыг ч мөн шүүхийн материалд хавсарган өгч байгаа. Хуулийн дагуу бүртгэж авна гэдэгт итгэж байна. Сонгууль хуулийн дагуу явсан гэдгийг нотлох бүх материалыг бид хавсаргалаа” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Улсын дээд шүүх энэ асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, бидэнд хариу өгөх ёстой. Улс төрийн бодит нөхцөл байдал ямар байгааг та бүхэн харж байгаа байх. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд УИХ-д суудалтай бүх намууд тэгш эрхтэйгээр оролцох ёстой. Харамсалтай нь эрх баригч МАН сонгуульд нэг гараанаас өрсөлдөхгүй байхын тулд бүх аргаа хэрэглэж байгаад харамсаж байна. Өнөөдөр бид материалаа өгөөд, цаг хугацаандаа хариугаа авч, дараагийн улс төрийн алхмаа хийх боломжийг хангаж өгнө гэдэгт итгэлтэй байна. Шийдэж өгөхгүй бол улс төрийн дараа, дараагийн арга хэмжээг авна” гэв.

Мөн цахимаар намын даргаа тодруулсан гэх С.Эрдэнэ нарын үйлдэл хууль ёсных уу гэсэн сэтгүүлчийн асуултад АН-ын ДоСХ-ны дарга И.Мөнхжаргал хариулт өгөхдөө “Хэсэг бүлэг хүмүүс цахим нэрээр сонгууль зохион байгуулсан нь АН-ын дүрэмд ямар ч хамааралгүй. АН-ын дүрэмд сонгуулийг бүх гишүүдийн оролцоотойгоор зохион байгуулна гэж тусгасан. Цахим сонгууль гэдэг зүйлд нутаг дэвсгэрт тойргийн, хэсгийн хороо байгуулах боломжгүй учраас энэ нь хууль бус зүйл. Яаж зохион байгуулсныг нь өөрсдөө нь асуу” гэсэн хариулт өглөө.