С.Батцэцэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлигийг долдугаар сарын 31-ний өдөр гаргасан билээ.

Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт их цагаан тугт танхимд боллоо. Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв.

Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ:

“ Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Их түүхт Монгол төрийн хоймор, Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс монгол зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.

Модун сайн хааны үүсгэн байгуулсан Монголын Тулгар төрийн 2226 жил, Их эзэн Чингис хааны үндэслэн бадрааж, засан тохинуулсан Их Монгол Улсын 811 жил, Алтан ургийн дээдэс, Богд гэгээн оройлон манлайлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Бодоо, Данзан нарын хичээнгүйлэн зүтгэсэн Ардын хувьсгалын 96 жилийн түүхэн ой саяхан болж өндөрлөлөө.

Их түүх, эх соёл, монгол бахархлыг бадраасан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын спортын түүхэнд алтан үсгээр бичих агуу амжилт гаргаж, зон олныхоо золбоо хийморийг өргөж яваа домогт бөх Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байна.

С.Батцэцэг бол Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, эр зориг, тэвчээр хатуужил, яс чанарыг дэлхийд гайхуулсан шилдэг тамирчин. Унаган авьяас, мэдрэмжийг хөдөлмөр зүтгэлээр чимэхээр ийм их амжилтад хүрч болдгийг тэр харуулсан.

Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг, түүний эрдэмт багш нар, гэр бүл, цаг мөч бүхэнд дэмждэг Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Улам хичээж, эх орныхоо сайн нэрийг өндөр өргөөрэй.

Баярлалаа” гэлээ.