Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байна

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд танилцууллаа.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 18,800 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9, зөрчлийн  шинжтэй дуудлага 6.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар өссөн бол зам, тээврийн осол 27.3 хувиар буурчээ. Мөн өмнөх 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар буурсан байна. Харин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ. Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа учраас цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.