Д.Амарбаясгалан: Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихаар тогтлоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцуулах үеэрээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтсон” гэв.

Тэрбээр “Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар төсвийн орлогын биелэлт давсан, эдийн засгийн өсөлт эхний 4 сарын байдлаар 7,9 хувийн өсөлттэй яваа. Энэхүү өсөлт нь Азидаа тэргүүлэх үзүүлэлт болж байна. Үүнтэй холбогдуулж төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэвэр, халамжийн бүлгийнхний тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ ташрамд хэлэхэд, Төрийн албан хаагчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, бүтээмжийг сайжруулах бодлогыг Засгийн газар барьж буй. Энэ талаараа ҮАБЗ-д танилцуулж, зөвлөмж гаргасан. Танилцуулгатай холбогдуулж Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулна" гэлээ.