Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотолгоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс нээлээ гэж Засгийн газраас мэдээлэв.
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт, шалгалтаар ноцтой хэргүүд илрээд буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын Гаалийн газарт ажиллаж, өнөөдрөөс эхлэн уг шугамыг ажиллуулахаар болжээ.
Тус төвд ирсэн мэдээллийг өдөрт нь нэгтгэж, ЗГХЭГ-т хүргүүлэх бөгөөд дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайдад танилцуулах аж. Шаардлагатай тохиолдолд баримт нотолгоо бүхий мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагыг ажиллуулах юм. Иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, эх сурвалжийг хуулийн дагуу хамгаалах аж.































