Засгийн газраас шийдвэрлэсний дагуу нэгдүгээр сараас эхлэн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан эх, эцэг, асран хамгаалагчид тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохоор болж байна.
Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай нэгээс гуравдугаар сар хүртэл дээрх журам үйлчлэх бөгөөд өвчилсөн хүүхдээ асарсан тохиолдолд дээрх чөлөөг олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад Засгийн газраас зөвлөмж болгосон юм.
Мөн томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед бэлэн байдлыг хангах үүднээс хүүхдийн эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, нэн шаардлагатай хүүхдийн амьсгал, утлагын аппарат, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авах, эмч, ажиллагсдын илүү цагийн хөлс олгох, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг ажиллуулахад зарцуулах болсон.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос гурав, сүүлийн гурван жилийн дунджаас нэг хувиар илүү гэсэн үг юм. Өвчлөгсдийн 55 орчим хувийг дөрөв хүртэл насны хүүхэд эзэлж байна.