АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэй МУИС-д түшиглэн 3 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн “Лазерын судалгааны лаборатори” байгуулав.
Тус лабораторийн нээлт өнөөдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болов. Нээлтийн үеэр тус лабораторит лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүнийг үзэх боломжтойгоос гадна лазерийн машинуудын үйл ажиллагааг харууллаа.
Энэхүү лаборатори ашиглалтад орсноор Монголын судлаачид өндөр түвшний судалгааг эх орондоо хийх сайхан боломж нээгдэж байна. Уг лаборатори нь өндөр хүчин чадал бүхий орчин үеийн гурван богино пульстэй лазерын систем, Лазер машин, FTIR спектрометр зэрэг 66 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
Лазерын судалгааны лаборатори байгуулснаар лазерын цацрагийн хүчтэй богино импульс гарган авах, лазерын цацраг ба бодисын харилцан үйлчлэлийн өндөр түвшний судалгаа, наноматериалын физик, химийн шинж чанарын нарийвчилсан судалгааг хийх боломж бүрджээ. Мөн фотоник, материал судлал, биологи, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, техник технологийн салбарт шинэ мэдлэг болон өргөн хэрэглээг бий болгох чухал ач холбогдолтой юм.