Хүйтэрч цас их орж байгаагаас зарим чиглэлийн автозамын цас зузаарч, зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа гулгаатай байгаа тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлээр зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд хүйтны эрч чангарч, өдөртөө -32 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд байнгын хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 336-333 км-ийн хооронд цасаар шуурч, зорчих хэсэг нарийссан тул “Хархорин-АЗЗА”-аас ухмалуудын шуурсан хэсгүүдийг цасыг шууж цэвэрлэж, зорчих хэсгийг чөлөөлж байгаа аж.
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай авто замын 320-365 км-т зорчих хэсэг болон хөвөө цасаар бүрхэгдсэн, Эрдэнэт-Булган чиглэлийн хатуу хучилттай авто замын 12 км-т Зоон давааны зорчих хэсэг мөстсөн, Булган-Мөрөн чиглэлийн замын 27 км-т зорчих хэсэг нарийссан тул зорчигч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Мөн Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто замын 112-113 км-ийн хооронд зорчих хэсэг мөстөж, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 79-89км, 34-37км-үүдэд зорчих хэсэг, хөвөө цастай, Улаанбаатар-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын 50-53км-т Хоолтын хөндлөнгийн давааны зорчих хэсэгт цас хунгарласан байсныг АЗЗА-аас хусалт хийж, цэвэрлэсэн байна.