Төмөр зам тавих концесийн гэрээг цуцлахыг тэд шаардаж байна гэв

Хөвсгөл аймгийн удирдлагууд газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авч ажиллаж байгаа ч “Аспайр Майнинг” компанийн охин компани болох “Нортерн Рейлвэйс” ХХК, Эрдэнэтээс Хөвсгөл аймгийн Овоотын уурхай, цаашлаад хойд хил хүртэл Хятад улсын санхүүжилтээр хууль бусаар төмөр зам тавих гэж байгааг аймгийн иргэд болоод “ Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Мөн УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдалд хандаж байгаагаа ч илэрхийлэв. Уг төсөл нь Цэцэрлэг сумын Овоотын уурхайг чиглэж байгаа ч Сэлэнгэ мөрний сав газрын нүүрс, зэсийн орд газруудыг Хөвсгөлийн фосфоритын орд нүүрсний судал, бусад ашигт малтмалыг ухаж зөөх зорилготой юм. Энэхүү төмөр замыг концессоор бариулах шийдвэрийг 2012 онд гаргасан бөгөөд 2015 онд уралдаант шалгаруулалт явуулах байсныг цуцалж шууд гэрээ байгуулж хэрэгжүүлэхээр болгон өөрчилсөн хэмээн “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар мэдээлж байна. Түүнчлэн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг тус тус хууль бусаар олгосон гэв. Төмөр замын төсөл хэрэгжүүлэгч “Нортерн Рейлвэйс” ХХК-ний толгой компани “Аспайр Майнинг” компани овоотын уурхайн лиценз авахдаа ч хууль зөрчсөн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, стратегийн ач холбогдол бүхий Могойн голын орд газраас УИХ-аар оруулалгүй, сонгон шалгаруулалтгүй, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон засаг даргын зөвшөөрөлгүй авсан байна. Ашиглалтын зөвшөөрлөө байгаль орчны үнэлгээгүйгээр хууль зөрчсөн гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчид баримтуудын хамт дэлгэлээ. Тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчны үнэлгээгүй, шаардлага хангахгүй компанид сонгон шалгаруулалтгүй хууль зөрчин ийнхүү зөвшөөрөл олгосон нь Сү.Батболд, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнбат, У.Хүрэлсүхийн Засгийн газрууд бүгд хууль зөрчиж оролцсон хэмээн үзэж байгаа юм байна. БНХАУ-тай хамтарсан концесс эзэмшигчдэд төлбөрийн нөхцлийг тогтоох, өөрчлөх, хураах, санхүүжилт босгох, ирээдүйн ашиг орлогыг барьцаалах, хувьцаагаа барьцаалах зэрэг бүх эрх тэдэнд очиж Үндэсний аюулгүй байдал, байгаль экологид маш ноцтой аюул учрахаар нөхцөл үүссэн гэлээ. Иймээс энэхүү төмөр зам тавих концесийн гэрээг цуцлахыг тэд шаардаж байгаа аж.

26 Сэтгэгдэлүүд

Comments are closed.