Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх, цалингийн зэрэглэлийг шинэчлэх, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэсэн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд ажиллаж буй 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 2019 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлттэй уялдуулан энэ сарын 01-нээс эхлэн найман хувиар нэмэх болсныг С.Чинзориг сайд дурдаад, “2018 оны есдүгээр сард төрийн 17.2 мянган албан хаагчийн цалинг нэмэхгүй үлдээсэн. Харин энэ сард эдгээр албан хаагчийн цалинг 16 хувь, боловсролын салбарын цалинг 12.3 хувиар нэмэх боллоо. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөг болж, 2016 оны мөн үеэс 21.6 хувиар өсч байгаа юм” хэмээв.
Мөн 408 мянган ахмадын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмэх юм байна. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянга байсныг 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянга байсныг 270 мянга болгох аж. Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас олгож буй 155 мянган төгрөгийн халамжийн тэтгэврийг 174 мянга болгох юм. Харин бусад тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэжээ.