Өнөөдрөөс ахмад настнууд "Насны хишиг"-ээ хүртэнэ. Улсын хэмжээнд 160 мянган ахмадад "Насны хишиг" олгох гэж байна.
Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор "Насны хишиг" олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулан билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн, мөн хуулийн 12.3-т заасан дараах насны ахмад настанд жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон байна.
Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж үйлчилгээ авах юм байна.