НӨАТ-ын буцаан олголт өчигдөр 16:00 цагаас хойш Төрийн банк болон Худалдаа хөгжлийн банкны дансаа баталгажуулсан иргэдийн дансанд орж эхэлсэн. Харин өнөөдөр Хаан банк, Голомт банк зэрэг бусад арилжааны банкны хэрэглэгчдийн дансанд НӨАТ-ын буцаан олголтын мөнгө орж дуусна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох талаар өнгөрсөн лхагва гаригт мэдээлэл хийсэн. Тэрээр "Нийтдээ 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт маргааш өглөөнөөс эхэлж олгоно. 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 2018 онд буцаан олголтоор 630 мянган хүнд нийтдээ 77.8 тэрбум төгрөгний буцаан олголт хийсэн. Энэ жил буцаан олголтын хэмжээ 60 хувиар, хамрагдалт 40 хувиар нэмэгдсэн. Үүнийг бид аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэсэн, эдийн засгийн идэвхжилт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзсэн" хэмээсэн юм.