УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааны хуралдаанаар Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцруулах асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувийн саналаар дэмжлээ.
Ц.Цогзолмааг Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах журмыг зөрчиж Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гэх үндэслэлээр огцруулахаар болсон гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Сайдуудын асуудлыг яаралтай шийдэх ёстой байсан ч сунжирсаар байгаад өдийг хүрчихлээ. Олон хууль зөрчигдсөн учир хууль зөрчихийн асуудлаар ярих зүйл байхгүй болсон. Ер нь Зам тээврийн яам, Боловсролын яам хоёр олон сайд солигдлоо. Яг үнэндээ сайдууд улс төрийн шалтгаанаар солигдож байгаа. Сайд олон солигдохоор бодлого алдагдаж, хүмүүс их солигддог салбар нь хүнд байдалд ордог. Хамгийн хүнд байгаа хоёр салбар бол яах арга байхгүй зам тээвэр, боловсролын салбар болсон. Тиймээс Ерөнхий сайд давхар дээлтэй сайд байх ёстой гэдэг зүйлээ битгий яриарай гэж хэлмээр байна. Үлдсэн жил гаруйн хугацаанд яг мэргэжлийн хүмүүсээр нь гаднаас сайд тавих нь зөв. Салбарын хамт олны нөхцөл байдлыг гаднаас нь ажиглаад л ингэж хэлж байгаа юм. Давхар дээлийн тухайд Ардчилсан нам эрх барьж байхад МАН талбай дээр тайз засаад бүрэн хэмжээний жүжиг тоглож байсан. Гэтэл өнөөдөр давхар дээлтэй байж болно гээд яриад байх юм. Цаашдаа хэлсэн , ярьсандаа л байцгаах хэрэгтэй. ашиг сонирхлын зөрчил, ёс зүй гэдэг зүйлийг энэ Засгийн газар их мөрдөж байна гээд Я.Содбаатар хариуцлага хүлээгээд огцорч байна. Тэгвэл дараагийн орж ирэх сайд нь ёс зүйн хариуцлага хүлээх хэмжээний ашиг сонирхлын зөрчилтэй байвал Ардчилсан намын бүлэг хүлээж авахгүй шүү. Тиймээс дараагийн сайдуудыг сонгохдоо энэ нөхцөл байдлуудыг сайн анхаараарай" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Би ажил авахад манай салбар хамгийн сүүлийн байрт жагсаж байсан бол одоо 5 дугаарт байрт жагсаж байна. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд кабенитын дэмжлэг үзүүлсэн Ерөнхий сайдад баярлалаа. Би улс төрчийнхөө хувьд ёс зүйд суурилсан шийдвэр гаргасан. Үүнээсээ болж сайдаараа ажиллах боломжгүй болсонд хамт олноосоо хүлцэл өчиж байна. Хамт олонтойгоо хамгийн зөв, шинэлэг менежмент гаргаж ажилласан. Хийсэн ажлыг яаж ч дүгнэж болно. Зөв ажил хийсэн эсэхийг цаг хугацаа харуулна. Эцэст нь хэлэхэд, боловсролын салбарын одоогийн төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх ёстой. Энэ хүнтэй дөрвөн сарын хугацаанд ажиллахад үнэхээр ёс зүйгүй, төрд ажилласан туршлагагүй, хэнтэй ч хамтарч гар нийлж хамтарч ажиллаж чадахгүй гэдгийг нь мэдлээ. Цаашдаа ч хүнтэй хамтарч ажиллаж үнэхээр чадахгүй. Би салбараа бодоод дөрвөн сарын хугацаанд чимээгүй байж ирсэн. Энэ хүнийг чөлөөлөх шаардлагатай. Албан тушаалыг эрх мэдэл л гэж ойлгодог. Би явж байгаа юм чинь дуугүй байя гээд амиа бодож болохгүй байна. Миний эцсийн хүсэлтийг биелүүлж төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлж өгнө үү" гэв.