Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 4 дүгээр хуралдаан болж урин дулааны цаг ирж хуурайшилт нэмэгдэж буйтай холбогдуулан аймгийн хэмжээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Онцгой комиссын дарга Л.Ганболд нийт гишүүдэд өглөө.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ойн менежмент төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор энэ онд тус аймгийн 23 сумын хэмжээнд 54,4 сая төгрөг, сум дундын арга хэмжээнд 40 сая нийт 94 сая 441 мянган төгрөг зарцуулахаар болжээ.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар сумдад бэлэн байдлыг шалган илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага дээр жижүүр гаргаж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл, зөвлөмж өгч байгаа гэнэ. 2018 онд Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Улаан-Уул, Эрдэнэбулган, Тариалан зэрэг 6 сумын нутагт ой хээрийн түймэр гарч 7840 га ойн талбай шатсан ажээ.