Засгийн газраас баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсад 18 хүртэлх насны 1 сая хүүхэд бий. Нийт хүүхдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчинтэй байгаа юм. Шүд цоорох нь чих хамар хоолойн өрөвслөөс үүдэн зүрх, бөөр, үе мөчний өвчний эхлэл болдог гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцлов.
Тэрбээр, “2019-2023 онд 2-12 насны хүүхдийн шүдний цоорлыг үнэ төлбөргүй бүрэн эмчлэх зорилт тавьж байгаа. Мөн эмчилгээний хажуугаар амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал, зуршлын талаар мэдлэг, мэдээлэл олгох ажлыг зохион байгуулна. Нэг хүүхэд эмчлэхэд 60 мянган төгрөгөөр тооцож, улсын төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотод 115, 21 аймагт 84 эмнэлэг ажиллана. Хөтөлбөр хэрэгжсэнээр шүдний цоорлын тархалтыг 30 хувиар буурна хэмээн тооцож байгаа” гэлээ.