Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Хотын дарга сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийн үйл ажиллагааг танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, "Хотын дарга сонсож байна” 1800-1200 тусгай дугаарын утсанд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-наас энэ оны нэгдүгээр сарын 7-ныг хүртэл нийт 52.991 дуудлага ирүүлснээс 38.108 буюу 71.9 хувьд нь амжилттай хариулж, иргэдэд мэдээлэл түгээж ажилласан талаар мэдээллээ.
Нийт дуудлагаас 4.764 удаагийн дуудлагаар 6.502 өргөдөл, гомдлыг UB ERP системийн өргөдлийн дэд системд бүртгэжээ. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон албан тушаалтнуудад шилжүүлснээс 6.351 өргөдөлд хариу өгөн шийдвэрлэсэн бол, 151 өргөдөл судлагадах шатанд буюу хуулийн хугацаандаа явж байна.
Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаарын утсаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа бөгөөд нийт 57 өргөдөл гомдол гаргаснаас 44 хүсэлт, 13 гомдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг судалж, 56-г шийдвэрлэжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ганц иргэний дуудлагыг ч алдахгүй байхад анхаарч үйлчилгээгээ илүү боловсронгуй болгож ажиллах шаардлагатай" байгааг онцоллоо. Тэрээр, "Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч ажиллахыг тэмдэглэж, боловсон хүчнийг зөв хуваарилж, дуудлага бүрт мэдээлэл өгч ажиллах хэрэгтэй” гээд хоёрдугаар сарын 1 гэхэд үйл ажиллагаа жигдрүүлсэн байх шаардлагатайг холбогдох албаныханд үүрэг болгоод байна.