НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлын хүрээнд томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусын цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварт болон халдварт бус өвчний багцын урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, 2019 оны эрүүл мэндийн зарим үзүүлэлт, цаашид анхаарах асуудал, “Нэг хот-нэг стандарт” үйл ажиллагааны төлөвлөгөө, 2020 оны 01 дүгээр сарын үндсэн үзүүлэлт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс мэдээлэл хүргэлээ.
Хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусын халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх болон бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, зарим тодорхой асуудлаар эмнэлгийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Мөн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас 2019 оны үйл ажиллагаагаараа тэргүүлж “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан байгууллага, чанарыг эрхэмлэгч байгууллага, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн байгууллагуудыг шагнаж урамшууллаа.