Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас МУ-ын Шинжлэх ухааны академитай хамтран “Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хуралд МУИС, ШУТИС, НЭМҮТ, Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон АНУ, Хятад, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцсон юм.
“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-нд 2025 он гэхэд агаарын бохирдлыг үе шаттайгаар 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнээс дурдвал Засгийн Газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халлаа. Айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, хяналт тавих, борлуулах үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах чиглэлээр ажиллаж байна. Үүний үр дүрд агаарын бохирдлын зарим үзүүлэлтийг 50 хүртэлх хувиар бууруулж чадсан гэдгийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэллээ.
АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимээс 2018-2019 онуудад дотоод орчны агаарын чанарыг түүхий нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээгээр харьцуулан судалжээ. Судалгаагаар өмнөх оныхтой харьцуулахад дотоод орчны агаарын бохирдлын ПМ2,5 тоосонцрын хэмжээ 40 хувиар буурчээ. АНУ-ын Сент Лиус дахь Вашингтоны Их Сургуулийн Маккелви инженерийн сургуулийн дэд захирал, профессор Жей Турнер сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдлын зарим үзүүлэлтийг 30-50 хувиар бууруулсан. Харин одоо үйлдвэрүүд болон тээврийн хэрэгслээс ялгарч байгааг утааг бууруулах хэрэгтэй. Мөн дотоод агаарын бохирдлыг бууруулах чухал. Дотоод агаарын тоосонцрын хэмжээ гадаах агаарын бохирдлоос 15-45 хувиар бага байдаг. Иймээс агааржуулалтын системийг сайжруулах хэрэгтэйг зөвлөлөө. Эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд тулгуурлан цаашид Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, шинэ санааг дэвшүүлэх ажээ.