Монголын ZEUS баг дэлхийн аваргын төлөөх тэмцээнд гуравдугаарт орлоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон "PUBG Mobile-2020" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолт болж гуравдугаар байрт Монгол Улсаа төлөөлөн оролцсон цахим спортын "ZEUS" баг шалгарлаа.

Тэмцээнд Хятадын "NOVA" баг 319 оноогоор аваргалж 700 мянган ам.долларын шагнал хүртсэн бол удаах байрт мөн тус улсын "4АМ" баг 294 оноогоор тодорч 200 мянган ам.доллароор шагнуулав.

Монголын ZEUS баг тэмцээний эхний гурван өдөр тэргүүлсэн ч эцсийн мөчид 292 оноотойгоор гуравдугаар байрт шалгарч 100 мянган ам.долларын эзэн болов.

Уг тэмцээн Дубай хотын "Coca Cola" ордонд болох байсан ч нэг багийн гурван тоглогчоос "COVID-19" халдвар илэрсэн тул баг тамирчдыг зочид буудлын өрөө тус бүрт тусгаарлан тэмцээнийг цахимаар явуулсан байна.

"PUBG Mobile" дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь "PUBG"-гийн хамгийн том тэмцээн бөгөөд 1.2 сая ам.долларын шагналын сантай. Уг тэмцээнд лигийн шатнаас шалгарсан шилдэг 16 баг өрсөлдөж 29 тоглолт хийж аваргаа тодруулдаг аж.