УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт тусгажээ.
Хуулийг баталснаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжих, төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд оновчтой тодорхойлогдох, хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшлэхээс гадна мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зорилго нь ажлын байранд бэлгийн төдийгүй сэтгэл санаа, бие махбодын дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнаас гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах, бие махбод, сэтгэл зүйн болон аливаа хэлбэрийн бэлгийн дарамтаас ангид байх харилцааг хамт олонд төлөвшүүлэх сургалт, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
Судалгаагаар манай улсад 5 эмэгтэй тутмын 1 нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж байна. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгаварлан гадуурхалт байсаар байна. Хохирогчид нь хүчирхийллийн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээж аваагүйн улмаас ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, тэвчишгүй байдалд хүрэх нь тохиолдсоор байгаа аж.
Эдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоо бүрдүүлэх зүйл, заалтууд хуулийн төсөлд тусгасан байна.