Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 158 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 17 044 хүнд шинжилгээ хийжээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 149 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт долоо, Төв аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэнээр аймаг, орон нутагт нийт өвчлөл 358 болж байна.
ХӨСҮТ-ийн Танпдалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэхдээ, "Шинээр халдварлагсдын 137 нь ойрын хавьтал бол 21 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлох ажил хийж байна. Эдгээр иргэд БЗД-ийн 5, 10, 22, БГД-ийн 13, 15, 25 дугаар хороо, СБД-ийн 17, 18 дугаар хороо, СХД-ийн 6,8, 20, 25, 41 дүгээр хороо, ХУД-ийн 18 дугаар хороонд амьдардаг иргэд байна" гэв.
Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 498 тохиолдол бүртгэгдсэнээс 3 212 нь эдгэрчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 1201 хүн эмчлүүлж байгаагаас 1075 нь хөнгөн, 115 нь хүндэвтэр, 8 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.