Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал намдаа үүсээд буй нөхцөл байдал болон тамганы маргаан, өнөөдөр өрнөж буй Намын даргын сунгаатай холбоотой асуудлаар “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийлжээ. Түүний ярилцлагаас онцлох 10 ишлэлийг уншигч танд хүргэе.
Ишлэл 1
-ҮБХ-ноос жижигхэн процессын алдаа гарсан нь өргөдлөө өөрийн гараар бичээд явсан С.Эрдэнэ даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гаргаагүй явдал юм. Энэ хүний өргөдлөөр чөлөөлөх тушаалыг нь гаргаад, даргын үүргийг Дэд даргад шилжүүлэхгүй шууд тамга, тэмдгийг шилжүүлсэн нь алдаа болж, шүүхийн маргаан руу очсон юм билээ. Үндсэн дүрмийн хорооны гаргасан шийдвэрийг ҮБХ албажуулаагүйгээс үүссэн асуудал.
Ишлэл 2
-Улсын дээд шүүх биднийг дүрмийнхээ дагуу Намын даргаа томилоод ир гэсэн. Ц.Туваан, С.Эрдэнэ хоёрын хэнийг нь ч Намын даргаар бүртгэхгүй гэж шийдвэр гарчихсан. Бид дүрмийнхээ дагуу даргаа сонгох гээд сонгуулиа явууллаа. Дээд шүүхийн шийдвэрийг давж заалдах арга байхгүй. Намын дүрэм ёсоор ҮБХ шийдэхгүй учраас нийт гишүүдээсээ асууж байж сонгууль хийх үүрэгтэй болсон юм.
Ишлэл 3
-Захиргааны хэргийн шүүхээс АН-ын дарга асан С.Эрдэнэд байсан тамгыг хүчингүй гэдгийг нотлоод тогтоол гаргачихсан шүү дээ. Тэгэхээр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг шүүх нотлоод тамгыг нь хүчингүй болгосон учраас тэр хүнд ҮБХ-г зарлан хуралдуулах, намын үйл ажиллагааг удирдах эрх байхгүй болсон гэсэн үг.
Ишлэл 4
-Х.Нямбаатар нарын шууд удирдлагад байгаа Улсын бүтгэлийн газар нь нэгхэн өдрийн дотор хуурамч тамга гаргаж өгсөн. Энэ нь өөрөө МАН-ын оролцоо илт байгааг харуулж байгаа юм. Ардчилсан нам хоёр хуваагдсан мэт харагдуулж, улс төрийн тоглолт хийснээр АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчгүй оруулах гэсэн санаа агуулж буй нь тодорхой. Манай намын нэр бүхий улстөрчид үүнийг нь дэмжиж, биеэрээ хэрэгжүүлээд байгаа нь Ардын намын гар хөл болж байна уу гэж хардах үндэслэл болсон.
Ишлэл 5
-Намын ДоСХ-ноос дотоод сонгуулиа зарлаад нэр дэвшигчийнхээ зарцуулах зардлыг цуглуулах дансаа нээгээд явсан. Бүгд хуулийн хүрээнд. Гэтэл орой гэхэд Төв банк болон Сангийн яамнаас танай дансыг шалгахаар болсон гэж банкинд маань мэдэгдсэн байсан. Намын дотор байдаг бүтцийн байгууллагын ажил руу төрийн байгууллагаараа далайлган шууд оролцох үйлдлийг МАН хийсэн гэж харж байгаа. Нэр дэвшигчид хаанаас тэр мөнгөө олсныг шалгана гэж байгаа юм. Би ерөөсөө ойлгоогүй. Тэр хүмүүс чинь ХОМ-ээ бөглөчихсөн нэр төртэй, улстөрч хүмүүс шүү дээ. Нэгхэн өдрийн дотор 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдсэнийг мэдээд шууд шалгадаг нь юу ч юм.
Ишлэл 6
-Ямар нэг байдлаар АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой. Орохын тулд бид ажиллах үүрэгтэй. Сонголтгүй сонголтыг эрх баригчдад өгөхгүйн тулд хамтраад ажиллах ёстой юм. Бид эхлээд дүрмээрээ Намын даргаа сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь дараагийн асуудал. Даргаа сонгосны дараа хэнийг өрсөлдүүлэхээ тэр дарга нь бүх гишүүдээр хэлэлцүүлээд шийдээд явна.
Ишлэл 7
-200 мянган гишүүд тэнэг хүмүүс биш шүү дээ. Тэд өөрийн сонголттой, бодолтой хүмүүс. АН-ын гишүүд хэзээ ч хайрцаглагдаж санал өгдөггүй. 200 мянган хүнээс асуугаад гараад ирсэн хүн яах аргагүй л хүлээн зөвшөөрөгдсөн Намын дарга байх болно. Намын гишүүд ганцхан зүйлийг хүсэж буй нь хүлээн зөвшөөрөгдсөн даргатай болох явдал. Хэн байх вэ гэхээс илүү бидний дийлэнх, олонхийн саналыг авсан хүн л дарга болох ёстой гэдгийг жирийн гишүүд, дэмжигчид маань хэлж байгаа.
Ишлэл 8
-Би намын дүрэмтэйгээ цуг явж байгаа хүн. ДоСХороо бол хэн дарга байхаас үл хамаарч намын дотоод дүрмийг л авч явах ёстой. Тэр зарчмаар ажлаа хийгээд явж байгаа. Ардчилсан нам Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхийн тулд улайрч байна гэж байна гэж та хэллээ. Ер нь Х.Баттулга гэж хүн нь байна уу, эсвэл өөр хүн байна уу юутай ч АН-аас Ерөнхийлөгч байх нь ард түмэнд хэрэгтэй юм. Нэг нам дангаар ноёрхож буй энэ цагт ардчилсан үзэлтэй, хүний эрхийг дээдэлдэг хүн нь эв нэгдлийг сахиулж байвал улс орон хойшоо ухарчихгүй явах байх.
Ишлэл 9
-ДоСХ бол намын даргаас хараат Их хурлаараа байгуулдаг байгууллага. Намын дотоод сонгуулийг товлон зарлаж хийдэг. Энэ байгууллагыг намын Их хурлаар 15 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн жилээр байгуулдаг. Дунд нь ҮБХ орж, гарсан тохиолдолд Их хурал хуралдах хүртэл 3/1-ийг нь түр томилж болдог. Тийм түр томилгоо хийгдчихсэн. Тэгэхээр Их хурал хуралдах хүртэл хэнийг ч өөрчилж, солих боломжгүй.
Ишлэл 10
-Сонинд нэг зар өгөөд тамга хүчингүй болгочихгүй. 360 сумын намын тамга тэмдэг хүчинтэй хэвээр байгаа. Би С.Эрдэнэ даргатай зөрчилдөөд байгаа юм биш гэдгийг дахин хэлье. Дүрмийн хүрээнд л санал зөрөх, зөрчилдөх асуудал байгаа юм. Сонгуулиа явуулъя гэдэгт санал нийлсэн ч хугацааны хувьд зөрөөд байгаа. Гараар саналаа авчихъя гэхээр “Жорлонгоо өөрчилье” цахим датаг ашиглана гэж байгаа нь буруу байгаа юм.
Ишлэл 11
-АН-ын даргад нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах үед АН-ын ҮБХ-ны бүх гишүүд хуралдаа ирсэн. Тэд намын Их хурлаа товлон зарлачихсан. Гуравдугаар сарын 28-ны өдөр нийт гишүүдийн саналаар сонгогдсон намын даргаа тавдугаар сарын 2-ны Их хурлаараа батламжилна. Бид намын даргаа сонгох сонгуульд оролцсон гишүүдийнхээ саналыг цаасаар авч байгаа нь их учиртай. 200 мянган гишүүнээс Намын даргаа сонгож, сонгуульд оролцсон гишүүдийнхээ гарын үсэг, нэрсийг сонгосон хүнийх нь нэртэй хамт Дээд шүүхэд хүргүүлнэ гэж тооцсон. Нийт гишүүдийн баталсан дүрмийн хүрээнд нийт гишүүдийн саналаар гараад ирсэн Намын даргыг батлахгүй гэвэл ямар асуудал үүсэхийг хэлж мэдэхгүй юм. Манай гишүүд лавтай зүгээр хараад суухгүй байх.
Ишлэл 12
-ДоСХ өмнө нь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Намын даргаа тодруулъя гэдэг шийдвэр гаргасан. Гэсэн ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлах хугацаатай хэт давхацсан, намын даргаа сонгож чадахгүй байсаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг зарлах хугацаанд хүргэх вий гэсэн Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр наашлуулах шийдвэр гаргасан. Хугацаа хангалттай байсан учраас бүртгэлээ эхлүүлж, нэр дэвшигчээ бүртгэж, сурталчилгааны 14 хоногийг тавьж өгснөөр одоо сунгаа эхлээд явж байна. Гэтэл тэр тогтоолыг барьчихаад дөрөвдүгээр сарын 25-нд гэсэн биз дээ гэж ярьж гуйвуулаад, үүнийг нь манай намын зарим лидерүүд өөгшүүлээд байгааг гайхаж байна.
Ишлэл 13
-Намын гишүүдтэйгээ бид байнга холбоотой байгаа. Тэд ойлголтоо нэг талдаа гаргасан байна билээ. Үндсэн дүрмээ баримтлаад Намын даргаа сонгоно оо л гэж байгаа. Тиймээс ойлголтоо нэгтгээд явж байна. Мэдээж зарим нэгийг нь ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох Намын даргын сунгаанд орчих, чамайг тийм дарга болгоё гэх мэт шахаа ирж мэднэ. Тийм зүйлд оролцож, цаг заваа баруузай л гэж хэлье.
Ишлэл 14
-Одоо нэр дэвшиж байгаа дөрвөн нэр дэвшигчид дандаа шинэ үеийн төлөөлөл. 70-аас хойш онд төрсөн, өөрийгөө нам гэж өмчилдөггүй, хамтын шийдвэрийг чухалчилдаг залуу үе гарч ирлээ. Үе солигдож буй энэ үйл явц их л үнэ цэнтэй ирж байна даа. Одоо гарч ирсэн залуус улс төрийн шинэ соёл бий болгоод, хувийн өмч шиг ханддаг биш хамтын шийдвэрээр намаа удирдаад яваасай гэж хүсэж байна. Эдгээр дөрвөн залуусын нэг нь Намын дарга болно. Тэр хүн нь Үндсэн дүрмээ мөрдүүлдэг, дүрмийн дагуу улс төр явуулдаг байгаасай.
Ишлэл 15
-Шинэ даргын тухайд Үндсэн дүрмээ цэгцлэх, хэсэг хүний, нэг даргын хэт хамаарлаас намаа гаргах шаардлага үүснэ. Үндсэн дүрэм эргэж үйлчлэхгүй учраас 2024 оны парламентын сонгуулиар бид шинэ томилогдсон даргатай хариуцлага ярих уу, эсвэл цаашаа үргэлжлүүлэн явуулах уу гэдгийг ярих болно. Тиймээс ажлаа сайн л хийж, намаа зөв удирдах үүрэг ирнэ.