Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж буй тухай мэдээ өнөөдөр өглөөнөөс Японы хэвлэлүүдэд гарсан.
Тэгвэл энэ талаарх албан ёсны мэдээллийг Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-наас Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-нд ирүүлсэн байна.
Уг мэдээлэлд “Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас тус өдрийн өглөө 5.19 цагт мэдээлэв.
Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга буюу Ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм. Тэрбээр энэ жилийн Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатай түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ.
Тус барилданы дараа тэрбээр “Эн-Эйч-Кэй” агентлагийн сурвалжлагчид “Миний бие хэд хэдэн удаагийн гэмтлийн улмаас сайнгүй байна. Цаашдынхаа барилдааны талаар бодох зүйлс байна” хэмээн ярив” хэмээн бичжээ.