Нийслэлд нийтдээ 15 мянган тонн хүртэлх нөөцийн мах бэлтгэхээр ажиллаж байгаа талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш мэдээллээ.
Тэрээр, нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэх ажилд 17 ААН-тэй гэрээ байгуулснаас өнөөдрийн байдлаар 3100 тонн махыг агуулахад татан аваад байна гэв. 11 дүгээр сарын 15 гэхэд 15 мянган тонн махны 60-аас доошгүй хувийг агуулахдаа бэлтгэсэн байх шаардлагыг ААН-үүдэд тавьжээ.
Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхрийнх, 60 хувь нь хониных, 10 хувь нь ямааных байх юм. Үнийн хувьд тогтвортой байлгахаар зохион байгуулж байна.
Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нөөцийн мах бэлтгэлд зориулж 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн юм. Энэ зээлийн хүүгийн зөрүү болох 7.65 хувийг Засгийн газар, 3 хувийг ААН-үүд хариуцаж нөөцийн мах бэлтгэлд оролцож байна.
Энэ жил өмнөх жилийнхээс бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлсэн нь борлуулах хугацааг уртасгах бодлого барьж байгаатай холбоотой аж. Орон нутгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг бүрдээ төв суурин газрынхаа хүн амын хэрэгцээнд зориулан 5500 тонн мах бэлтгэх даалгавар өгөөд байна.