БОАЖ-ын сайд Н.Уртнасан Данийн техникийн сургуулийн захирал Сюзан Пидерсентэй уулзлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжүүлэх нь” төслийн хамтран хэрэгжүүлэгч Данийн Техникийн Их сургуулийн захирал Сюзан Пидерсентэй хоёр талын уулзалт хийж, төслийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Энэхүү төсөл нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх салбар- дундын механизмыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх боломж бололцоог судалж, тодорхой төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, санхүүжилтийн боломжийг тодорхойлоход чиглэсэн.

Хатагтай Сюзан Пидерсен энэ чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд санал солилцон, суурь судалгаа эхлүүлсэн талаар мэдээлэв. Уг их сургууль нь Монгол Улсад өмнө нь Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээний үнэлгээ болон дүүргийн түвшинд ялгарал багатай дулаан хангамжийг сайжруулах талаар судалгаа хийж байсан туршлагатай юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан төслийн хэрэгжилт бодит үр дүнтэй байхад анхаарч, Уур амьсгалын үндэсний хороо, түүний Мэргэжлийн зөвлөлийг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллахыг санал болгов.

Төслийн үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх салбар дундын уялдаа, хэрэгжилтийг хангах механизмыг боловсронгуй болгох, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын түвшинд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.