Нүүрсний экспортын асуудлаар зөвлөлдөх уулзалт боллоо

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгээс “Монгол Улсын нүүрсний экспорт: Боломж, сорилтууд" зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид оролцсоноос гадна “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Г.Адъяа оролцож нүүрсний экспорт болон тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавив.

Өнөөдрийн уулзалтад оролцогчид Монгол Улсын нүүрсний экспортын худалдааг сайжруулж, хөгжүүлэхэд хууль эрхзүйн тогтвортой байдлаас гадна төрийн зөв менежмент, нүүрсний худалдааны нэг цонхны бодлого, боомтын хүчин чадлыг сайжруулах дэд бүтэц зэрэг шийдвэрлэх ёстой олон асуудал тулгарч байгааг онцоллоо.

Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн уулзалтаас нүүрсний экспортын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилт, төлөвлөлт менежментийг сайжруулах, тээврийн логистикийн сүлжээ болоод боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлуудын тусгасан зөвлөмж гаргаж байна.