Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Эрхэт Монгол группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-д Дэлхийн аварга боллоо. /огцом 109 кг + түлхэлт 141 кг, нийлбэр 250 кг/
Хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 86 дахь, эмэгтэй 29 дэх удаагийн тэмцээн 12 дугаар сарын 7-17-нд явагдаж шилдгүүдээ тодруулж байна.
Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 59 кг-д Э. Энхтамир, 87 кг-д М.Анхцэцэг нар өрсөлдөж Э.Энхтамир 20-р байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол М.Анхцэцэг өчигдөр медалийн төлөө хүчээ сорин өрсөлдөхөд 87 кг-ын А хэсэгт 11 тамирчин багтсан байв.
М.Анхцэцэг огцом өргөлтийн гурван оролдлогын дараа 109 кг-ын амжилтаар 2 дугаарт орлоо. Энэ төрөлд нутгийн эзэн Узбекистаны Tursunoy Jabborova 113 кг өргөж тэргүүллээ.
Харин түлхэлттэй өргөлтөөр манай тамирчин эхний оролдлогод 135 кг захиалсан бол Орос, Норвегийн тамирчид 135 кг захиалга өгсөн юм. Харин огцомд түрүүлсэн Узбек тамирчин 127-гаас өргөлтөө эхлүүлэв.
Эхлээд узбек тамирчин Tursunoy Jabborova 131 кг өргөсөн ч 134 дээр алдаж, нийлбэр дүн 244 кг болсон. Дараа нь Норвегийн Solfrid Koanda 135 кг өргөлөө. Оросын Дарья мөн 135 кг-ыг хөнгөхөн өргөв. Тэр дараа нь шууд 140 кг-ыг, Норвегийн тамирчин 141-ийг захиалав
М.Анхцэцэг өрсөлдөгчдийнхөө өргөлтийг хараад эхний захиалгаа 137 кг болгон нэмж, эхний оролдлого амжилтгүй ч дахин өргөхөд амжилттай болов. Ингээд манай тамирчин 246 кг-аар тэргүүлж эхэлсэн.
ОХУ-ын тамирчин Дарья 140 кг өргөхөөр гарч ирсэн ч чадсангүй, Тэр дахин өргөх гээд чадалгүй, 240 оноотой тэмцээнээ дуусгалаа. Узбек, Норвегийн тамирчид 141 кг дээр зогссоноор 244 кг өргөсөн амжилтаар М.Анхцэцэгийн ард орж Монгол тамирчин Дэлхийн аварга боллоо.