Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “My D-Parliament” цахим системийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын 2200 гаруй төлөөлөгч танхим болон цахимаар оролцлоо.
Монгол Улсын парламент цахим шилжилтийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан байдаг.
Түүнчлэн энэ эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудад тодорхой заасан. Мөн 2019 онд баталсан Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлахдаа “УИХ-ын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн оролцоог хангах” гэж тодорхойлж, парламентын үйл ажиллагааг ил тод болгох хүрээнд хийх ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвхийг сайжруулах, Улсын Их Хурал иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “My D-Parliament” цахим системийг нэвтрүүллээ.
Тус системийн зорилго нь иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэн парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон цахим системд байршсан нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурал буюу парламентын гишүүдэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх албан ёсны цахим талбар болж байгаа юм.
Манай улсад 1990 онд байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 30 жил өнгөрч байна. Энэ хугацаанд парламентын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байсаар ирсэн ч хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад “ард түмний засаглах эрх”-ийг хангахуйц түвшинд байсан эсэх нь учир дутагдалтай. Монгол Улсын 3.300.000 хүнийг төлөөлөн 76 гишүүн УИХ-д хууль тогтоодог. Нэг гишүүнд дунджаар 43.4 мянган хүн ногддог гэсэн үг. Хүн бүрийн хүсэл сонирхлыг 100 хувь тусган ажиллахад зарим талаар учир дутагдалтай. Иймээс Улсын Их Хурлаас иргэдийн оролцоог бүхий л түвшинд хангасан, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэх цахим системийг танилцуулж байна.
Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2,6 саяд хүрчээ. Мөн хүн амын 84,7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Нэгэнт ийм суурь бүтэц сайн бүрдсэн тул иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөх цаг болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Цахим системийг танилцуулах нээлтийн ажиллагаанд эх орны өнцөг булан бүрээс цахимаар оролцож байгаа оролцогчдыг төлөөлөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн н.Буянжаргал, Дорнод аймгийн Халхгол сумын иргэн н.Дашбаатар, Ховд аймгийн Үенч сумын иргэн н.Аззаяа, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн н.Гантулга нар сэтгэгдлээ хуваалцсан юм.
“My D-Parliament” цахим систем нь хуулийн төсөлд санал авах, цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, Улсын Их Хурлын үйл ажиллагааны цахим товхимол гэсэн үндсэн 4 функцтэй.
Тодруулбал, цахим системд Улсын Их Хуралд өргөн баригдсан хуулийн төслүүд байршина. Иргэд тэдгээр төсөлд саналаа өгөхөөс гадна нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Иргэдийн санал олны дэмжлэгийг авч тодорхой тоон хэмжээст хүрснээр Улсын Их Хурлын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж бүрдэж байгаа юм.
Ийнхүү цахим систем хэрэглээнд нэвтэрснээр таны сонирхож буй хуулийн төслийн үе шат бүр ил тод болохоос гадна өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ илгээх боломжтой болно.
Мөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө бүртгэлтэй хэрэглэгчдэд өмнөх 7 хоногийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны тойм болон ирэх 7 хоногийн хурлын товыг тогтмол мэдээлэх юм. Түүнчлэн чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг цаг тухайд нь хавсралтаар илгээнэ.
Иргэд хуулийн төслийн зүйл, заалтын талаарх санал бодлоо олон нийтийн сүлжээнд бусадтай хуваалцах функцийг тус цахим системд бий болгосон нь хуулийг боловсруулах шатнаас нь эхлэн олон нийтийн оролцоог хангаж, сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.
Иргэд Apple iPhone гар утастай бол Apple App Store-оос “D-Parliament” гэж хайлт хийж https://apps.apple.com/us/app/d-parliament/id1616893866 холбоосоор татаж суулгана. Харин • Android системтэй гар утастай бол Play Store-оос “D-Parliament” гэж хайлт хийж https://play.google.com/store/apps/details?id=mn.code36.mylaw.mylaw_flutt холбоосоор татаж суулгах боломжтой.