Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох тус үйлдвэрийн эзэмшлийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн явцын тайланг товч мэдээлэл өглөө.
Тэрбээр, анх 2017 онд УИХ-ын 23 дугаар тогтоол гарч, “Эрдэнэт үйлдвэр” болон “Монросцветмет” ХХК-ийн энгийн 49 хувийн хувьцааг худалдан авсантай холбогдуулан, тэдгээр эзэмшлийг буцаан хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулж, 100 хувь улсын мэдлийн болгох үүргийг УИХ-аас Засгийн газарт өгч байсныг тодотголоо. Энэ дагуу ажлын хэсэг байгуулан ажилласан. Энэ үеэр тодорхой нэр бүхий иргэдээс УИХ-ын дээрх тогтоолын талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан.
Энэ дагуу Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гарган УИХ-ын тогтоолд хууль зөрчсөн зүйл алга гээд, Засгийн газар 49 хүвийн өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж эхэлсэн. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажлын хэсгийн ахалж, хэлцэл хийхээр 4 удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй. Энэ хугацаанд нөгөө талаас маргаан үүсгэн Захиргааны болон иргэний хэргийн гэсэн хоёр шугмаар явж дээд шатны шүүхэд хүрсэн ч аль ч шатанд нь хэлцэл хийгээгүй гэсэн үндэслэлээр харамсалтай нь Засгийн газар ялагдаж байсан.
Ингэж хэлцэл хийх боломжгүй явсаар манай өнөөгийн Засгийн газар байгуулагдсаны дараа миний бие ажлын хэсгийг ахалж бид баримт материалыг судалж үзсэн. Ингээд холбогдох этгээдүүд, хамаарах байдлыг нотлох нэмэлт материалуудыг олж тогтоосон. Нөгөө талаас хэлцэл хийх санал өгснөөр хоёр удаагийн уулзалт хэлцлийг хоёр тал амжилттай хийсний үр дүнд нийтдээ 647 тэрбум төгрөгийг харилцан суутгах гүйлгээг хийснийг дурдлаа.
Эхний ээлжинд 165.5 тэрбум төгрөг, дараагаар 480.7 тэрбум төгрөгийг харилцан суутган УИХ-ын тогтоолоор өгсөн үүргийг Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг биелүүллээ гэв. Ингэснээр Засгийн газар “Эрдэнэ үйлдвэр”-ийн 49 хувийн өр төлбөрийг барагдуулж, тэр хэмжээгээр хувьцааг нь баталгаажуулж, тус үйлдвэр 100 хувь улсын мэдэлж шилжиж, ард иргэд эзэн суух боломжтой болсон гэв. Тэрбээр хэлцэл цааш үргэлжилж байгааг дуулгалаа.
"Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой 12 хүнийг АТГ-аас яллагдагчаар татаж прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон" гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэмж мэдээлэв.