Алга болсон хүүхдийг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө

Өчигдөр нийслэлд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үерийн аюултай нөхцөл байдал үүссэн.

Үерийн үеэр 40 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд үерт өртөж нас барсан. Дөрвөн хүүхэд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн.

Харин 1 хүүхэд сураггүй болсон тул нийслэлийн Аврах анги-105-ын бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан шөнийн 00:20 цагт 5 настай хүүхдийн цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны аюулгүй байдлыг шалгах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.