Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан Батлан хамгаалах салбарын зарим алба хаагч, ахмадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ТЗУГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү тэргүүтэй албаныхан, төрийн одон, медалиар шагнагдсан бүрэлдэхүүн оролцсон юм.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ҮБХИС-ийн ахмад багш чөлөөнд байгаа дэд хурандаа Л.Маналжав, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн зам гүүрийн ерөнхий инженер бэлтгэл хурандаа М.Рэнчин-Очир, БИЦУГ-ын Техникийн хангалтын хэлтсийн авто техникийн засвар, ашиглалт, хангалтын мэргэжилтэн дэд хурандаа О.Батбаяр, Цэргийн хүндэт медалиар БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Санчир нарыг шагналаа.
Мөн Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн 100 жилийн ойг тохиолдуулан “Алтангадас одон”-гоор тус ангийн ахмад ажилтан, чөлөөнд байгаа ахлах ахлагч Д.Пүрэвсүрэн, захирагчийн орлогч, захиргааны удирдлагын тасгийн дарга хошууч Г.Мэндбаяр, тасгийн захирагч, жолооч ахлах ахлагч С.Чинбат, У.Батцэнд, жолооч ахлах ахлагч Т.Жаргалан, Хөдөлмөрийн хүндэт медалиар диспетчер Д.Чанцалбурмаа, Ж.Хишигдолгор нарыг шагнасан юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн босгон дээр та бүхэн төр, засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд бид улс орны хэмжээнд болон салбарынхаа олон түүхт ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Салбарын алба хаагчдыг шагнаж, урамшуулах энэ үйл явц өнөөдөр мөн үргэлжилж байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хийгдэж байгаа шинэчлэлт, өөрчлөлтийг дэмжиж офицер, ахлагч, ажилтан албан хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд та бүхэн итгэл, сэтгэл, зүтгэлээ зориулан ажилладагт сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлье” гэв.