Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж /ХБК/-ийн 80 жилийн ой энэ онд тохиож байна.
Тус сургууль энэ сарын 24-нд албан ёсоор Хөгжмийн их сургууль буюу Консерватори боллоо.
Сургуулийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчинд тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Тус сургууль нь анх 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Гэгээрлийн яамны сайдын №126 тоот тушаалаар “Хөгжим бүжгийн коллеж” хэмээн нэрлэгдсэн түүхтэй.
Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг цорын ганц уурхай сургууль юм. Тус сургууль үүсэн байгуулагдсанаасаа хойш 7000 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан бөгөөд 1-5 дугаар ангид бага боловсрол, 6-9-р ангид дунд боловсрол, 10-11 дүгээр ангид тусгай мэргэжил олгодог бөгөөд бакалаврын сургалтыг 4 жилийн хугацаанд явуулдаг юм.
Төгөлдөр хуур, хийл, морин хийл, үндэсний болон үлээвэр хөгжмийн бүх төрөл, сонгодог бүжиг, ардын бүжиг, ардын болон дуурийн дуучин зэрэг хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг аж.