Ц.Цэрэнпунцаг: Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагасан 13 журам боловсруулж байна

УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” уулзалтын өнөөдрийнхөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр бол концесс. Концесс нь 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. Хувийн хэвшлийнхэн томоохон дэд бүтцүүдийг барих энэхүү хувилбар нь төсөвт маш их ачаалал авчирдаг байсан.  Үүний зэрэгцээ тэдгээр дэд бүтцүүд нь чанарын шаардлага хангадаггүй, хэн нэгэнд хариуцлага тооцох, дахин засвар үйлчилгээ хийлгэх гэхээр хувийн хэвшлийнхэн хэзээний мөнгөө авчихсан байх зэрэг хүндрэл амьдрал дээр үүсэж байсан тул Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулж, УИХ-д оруулж ирсэн юм. Энэхүү хуулийг дагалдаж нийт 13 журам гарна. Одоогийн байдлаар, яамдууд журмын боловсруулалт дээр ажиллаж байна. Хууль 7 дугаар сарын нэгнээс хэрэгжинэ. 

Уг хууль нийт салбараар нь авч үзвэл уул уурхай, батлан хамгаалах, банк, санхүүгийн салбарт үйлчлэхгүй, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, авто зам, тээвэр, соёл зэрэг салбарт хэрэгжих юм. Төслийн эх үүсвэрийг хувийн хэвшлийнхэн өөрсдөө гаргана. Хөрөнгө оруулалтаа буцаагаад төсвөөс урт хугацаанд болон ашгаас гэсэн хоёр хэлбэрээр авна. Нэг нь шинээр хийх бүтээн байгуулалт байх бол нөгөө нь өмнө нь байсан соёлын төв, сургууль, эмнэлэг, музей зэрэг байгууллагын менежментийг хийх, хувьчлах, түрээслэх зэргээр хэрэгжүүлэх боломжтой. Төслийн хэрэгжилтийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв хангах бөгөөд ТББ-д энэхүү хууль үйлчлэхгүй” гэлээ.