Засгийн газраас хэрэгжүүлж буй таван "Ш" зорилтын хүрээнд Улаанбаатар хотод 2000-2020 оны хооронд олгосон газрын мэдээллийг shilen.gov.mn системд байршуулаад буй.
Өнөөдрийн байдлаар, сүүлийн гурван жил буюу 2021-2023 оны хооронд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр ашиглах, эзэмших зориулалтаар олгосон газрын тухай мэдээллийг байршуулсан байна. Мөн нийслэлийн өмчит, нийслэлийн өмчийн оролцоотой 18 хуулийн этгээдийн 119 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нэмж оруулжээ. Ингэснээр нийт 138 хуулийн этгээдийн 1178 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээлэл ил болж байна.
Түүнчлэн уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тухай иргэд мэдэх эрхтэй тул холбогдох мэдээллийг ил тод байршуулсан аж. Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Байгууллагын нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлд байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээллийг нууцлахыг хориглосон байдаг. Үүний зэрэгцээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт тус мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан. Иймд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний 10533, нарийвчилсан үнэлгээний 4696 нийт 15229 мэдээллийг ил тод байршуулжээ.