Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдийн 96.6 хувь нь хүссэн мэдээллээ бүрэн авч чаджээ

“И-Монгол академи” УТҮГ нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймгийн төрийн болон ОНӨААТҮГ-ын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдөр зохион байгуулав. 

Тус газрын Салбар дундын зохицуулалтын газрын төслийн менежер О.Төгөлдөр, процесс аналист Г.Будням, шинжээч Б.Энх-Амар нар Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн ERP системийн ашиглалтын талаар сургалт орж, практикт суурилсан заавар, зөвлөмж өгч ажиллалаа. Уг сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулсан ба нийт 59 байгууллагын 248 албан хаагч хамрагдсан. 

Сургалт төрийн үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн ERP системийг Говьсүмбэр аймгийн албан байгууллагуудад бүрэн нэвтрүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж хэвших, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах зорилготой юм. 

Сургалтад хамрагдсан 152 албан хаагчаас үр дүнгийн судалгаа авахад, 30.9 хувь нь албан хэрэгцээндаа тогтмол ашигладаггүй, 39.7 хувь нь ERP системийн талаар дунд зэргийн мэдлэгтэй гэж хариулсан. Тэгвэл судалгаанд оролцогчдын 80 хувь нь сургалтын үр дүнг сайн, 16.5 хувь нь дунд гэж үнэлсэн бол 96.9 хувь нь мэдэхийг хүссэн мэдээллээ бүрэн авч чадсан хэмээн хариулжээ. 

Мөн тус систем төрийн байгууллагууд хоорондын үйл ажиллагаа явуулахад маш их хэрэгтэй байдаг тиймээс дараагийн удаа энэ төрлийн сургалтыг тогтмол авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.