Их хэлмэгдүүлэлт нийгмийн бүх анги давхаргыг хамран өргөн хүрээнд өрнөсөн гунигт түүхийн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Бурханч лам Г.Пүрэвбаттай энэ талаар ярилцлаа.
-Их хэлмэгдүүлэлтийн 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан таныг зорьж ирлээ. Монголын түүхэнд үлдсэн тэдгээр аймшигт өдрүүдийг та юу гэж боддог вэ?
-Аливаа улс орны өнө удаан оршин тогтнох хамгийн том баталгаа нь тухайн улс орны соёл байдаг. Бидний өөрийн гэсэн монгол хэл бичиг, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, түүнчлэн бүтээн байгуулсан соёл урлагийн бүтээлүүд бүгд монголчуудын соёлын дархлаа болж үлдэнэ. Энэ их хэлмэгдүүлэлтийн үе бол монголчууд соёлын том дархлаагаа алдсан үе. Соёлын дархлаа алдагдвал тухайн үндэстэн бусад соёлын дор уусан алга болох, хэн нэгний гар хөл болох, монгол хүн ч гэлээ үндэснийхээ соёлын эсрэг босч ирж болох осолтой асуудал. Бид тийм л зүйлийг туулж иржээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед Монгол орны хүн ам сая хүрэхгүй байсан. Цөөхөн хүн амынхаа 26 мянгыг нь шууд хилс хэрэгт холбогдуулж, тэдгээрийн 20500 орчимд нь ямар ч өчиггүй, дахин заалдах эрхгүйгээр буудан алах ял оноосон байдаг. Тэдний 15000 орчим нь лам нар байсан. Тухайн цаг дор лам хүн гэдэг дорно дахины асар гүн мэдлэгтэй, манай үндэсний сэхээтнүүд, соёлын өвийг тээж явсан тийм хүмүүс. Гэтэл аграмба, хамба, гавж гэх мэт эрдэм чадал өндөртэй эрдэмтэн мэргэдүүдээ сорчилж үгүй хийсэн. Мөн энэ үеэр мянга гаруй сүм хийд устаж үгүй болсон. Энэ олон сүм хийдийг дагалдаад асар их ном судар, хуучны түүх дурсгалын зүйлүүд, соёл урлагийн бүтээлүүд нандин бурхан шүтээнүүд бүгд үгүй болж, соёлын олон үнэт өв бидэнд өвлөгдөн ирээгүй. Өнөөдөр Өндөр Гэгээн Занабазарын гайхамшигтай бүтээлүүд дэлхий дахиныг цочирдуулж байна шүү дээ. Дорно дахины бурхан урлал буюу шүтээн урлаг, гоо сайхны өндөр оргилыг Өндөр Гэгээн маань хийсэн байдаг. Энэ зүгээр ч нэг бахархал биш юм, онолоор батлагдаж байна. Гэтэл энэ мэт олон нандин зүйлс тэр хэлмэгдүүлэлтийн үед устан алга болж, үндэстнийхээ сэхээтнүүдтэй цуг соёлын дархлаагаа алдсан байна.
-Ном судрууд ч үгүй болсон гэдэг?
-Ном судрын тухайд “Одоо яавал хурдан шатааж дуусгах вэ” гэдэг шалгаруулалт явуулж байсан байдаг. Санаанд багтамгүй. Дээр нь Судар тарни хослосон Их хөлгөний шашинтай байсан ард түмэн. Өнөөдөр үүнийг барж дийлэх үзэл алга байна. Бидний өвөг дээдэс Хүннүгийн үед ч тэр, Чингис хаанаас хойшх Өгөөдэй хааны үед ч тэр, Юань улсын үед ч тэр, XVI зуунд Алтан хан Автай сайн ханы үед ч тэр бүгд л энэ Очирт хөлгөний шашны сонголт хийсэн байсан. Энэ бол Монгол их гүрний ертөнцийг үзэх үзэл,хүн төрөлхтний оюун санаагаар барин баримтлах асар том хүчин болгож байсан. Тэр том үзлийг юу ч биш, хар тамхи шиг юм ярьцгаагаад л устгасан. Хамгийн аюултай нь үүнтэй хамт монголчуудын өвлөж авсан арван ухаан байхгүй болсон.
-Тэр нь юу байсан юм бэ?
-Бурхан багшийн 108 боть, Ганжуур Данжуур, үүнээс 220 боть Ганжуурыг Лигдэн хааны үед монгол хэл дээр орчуулж үлдээсэн байсан. Тухай үед үүнийг орчуулах гэж “Мэргэд гарахын орон” гэж толь бичиг хүртэл зохиож байсан байдаг юм. Үүнтэй хамт анагаах ухаан, дуун ухаан, урлахуй ухаан, учир шалтгааны ухаан, дотоод ухаан, одон зурхай, яруу найраг, эвсэн найруулга, ёгт ухаан, бүжиг дууриал гээд арван ухааныг монголчууд хэрэглэж байсан бол хэлмэгдүүлэлтийн хар шуурганд энэ бүхэн үгүй болсон. Мөн тэр бүгдэд хэрэглэж байсан мэргэжлийн нэр томъёо байхгүй болсон. Монголчуудын оюун санааны гайхамшигтай үгсийн сан бараг 90 хувь арчигдаад аравхан хувийн хар ярианы хэллэгтэй л үлдсэн байх жишээтэй. Хэл мөхнө гэдэг чинь аюул байгаа биз дээ. Ингээд харахаар хэлмэгдүүлэлт монголчуудын оюун санааны хувьд бүх өвийг тээж байсан амьд эрдэнэ болсон хүнтэй, түүх дурсгалтай нь хамт бүхэлд үгүй хийсэн том аюул байсан юм.
-Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн асар их айдас хүйдэст автсан байдаг?
-Хэлмэгдэлд өртсөн бүх хүний ард байсан улс бүгдээрээ айдастай байсан. Феодалийн хүүхэд гэж чичлүүлээд, овог нэрээ нуудаг, лам улсууд нь ном мэддэггүй царайлдаг, орой бүрийгээр нууцаар номоо уншдаг зарим нь уул хадаар агуйд уншиж байгаад бурхан болсон ч байдаг. Зарим аграмба, лхарамба арван жил шоронд хар ажил хийгээд гараад ирсэн, эхнэр хүүхэдгүй, их авъяастай улсууд байсан. Одоо манай энэ урлагийн анхдагч нар чинь бүгдээрээ лам байсан улсууд шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд хэлмэгдүүлэлтийн үеийн, бөөнд нь буудан хороосон олон хүний шарил олдоод байгаа. Үүнийг яах ёстой вэ?
-Монголд бөөнд нь хоморголон буудаж хороосон газрууд зөндөө. Олон улс оронд дайн болж байсан. Дэлхийн II дайны үед бас л бөөнөөр буудаж алаад булж байсан. Харин дайн дууссаны дараа тэднийг эрж хайж, хүний ёсоор оршуулах, шарилыг хүндэтгэх ажлуудыг төр засаг, сайн дурынхан хамтран хийж, нүгэлээ наминчилсан. Саяхан гэхэд Өмнөд Солонгос Гаунжу хотод 600 орчим хүний дурсгалыг хүндэтгэж асар том цогцолбор барьж, дахиж ийм явдал гаргахгүй гэж улс орон даяараа нүгэлээ наминчлаад, жил бүр тэдгээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх асар том үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Ингэж тэдгээр хүмүүсийн ясыг амрааж, түүнээсээ хүн төрөлхтөн ухаарал, сургамж авч байгаа төдийгүй өнгөрсөн хүмүүсийнхээ араас хүндэтгэл үзүүлж байгаа хүний ёс юм. Бидний олж тогтоосноор одоо 17 ийм газар байна. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум лам нар ихтэй байсан. Уг газруудаас булш гаргах гэж ухаж байгаад буцаагаад булсан. Тэр нь мөстлөгтэй хөлдүү газар байсан бараг цогцсоороо гарч ирсэн байдаг. Бас бөөн хэл ам дагуулж байсан. Хамбын овоон дээрээс яс гарч ирлээ гээд хүүхдүүд түүгээр нь тоглож гүйлдээд, араас нь лам хувцас хэрэглэл гарч ирсэн. Тэр үед хууль ёсных нь дагуу бид гарган авч, цэвэрлээд суварга байгуулсан. Дахиад яг ийм гурван хэсэг газар байна. Гэтэл улс төржөөд байгаа нь мэдэгдэхгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байгаад байгаа. Бүгдээрээ үүнийгээ ойлгож туслах учиртай юм. Хүний ёсоо мэдэхгүй, ийм оюун санааны уналтанд орсон байна гэдэг маань нөгөө хэлмэгдүүлэлтийн гай мөн шүү дээ. Энэ бол бидний яг одоо ярьж буй хэлмэгдүүлэлтийн хор хөнөөл арилаагүй байгаагийн нэг хэлбэр. Хэзээ байхдаа Монгол хүн тийм байсан юм бэ, өвөг дээдэстэйгээ тэгж харьцаж болдог юм уу. 1937 оных шиг хэлмэгдүүлэлтийг дахин гаргах ёсгүй гэж үзэж байгаа бол хэлмэгдүүлсэн улсуудаа зориуд эрж хайж, гаргаж ирээд хүн ёсоор нь оршуулаад хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж энэ бүхэн цайрна, сургамж авна. Үнэн хэрэгтээ Коминтерний бодлогоор монголчууд хуваагдаж, бусдын бодлогын золиос болж, монгол хүн монгол хүнээ алсан. Бусдын түлхээсээр бие биенээ буудсан шүү дээ. Тэгээд түүнийгээ цайруулах гэж янз бүрээр ярьж байна.
-Хүмүүсийг бөөнд нь буудаж хороож байсан гэхээр санаанд багтамгүй юм шүү?
-Манзушир хутагт, Егүзэр хутагт гээд бурхан шиг хүндэлж байсан тэр улсуудаа яаж тэгж чаддаг байна. Би үнэхээр гайхдаг. Хамбын овоон дээр бол дандаа ар дагзнаас нь л буудсан байна лээ. Хөөрхийдээ зарим нь шоронд хоригдож байхдаа цай унд уудаг байсан тухайн үеийн Оросын төмөр аяганууд, юмаа өвөртлөөтэй чигээрээ үхсэн байдаг. Аяган дээр нь үйлдвэрлэсэн он сар нь байж л байгаа юм. Шинжээч нараар бүх гавлыг шинжлүүлсэн. Хоёр янзын буугаар буудсан байна. Гарсан эд мөрийн баримтууд бүгд лам хүн, бүгд 40-өөс дээш настай байсан. Эрүүндээ шүд байхгүй, шүднийх нь ором нь эдгэрсэн тийм яс хүртэл гарсан. Тэгэхээр тэр чинь хэдэн настай өвгөн байж таарах вэ. Тийм хөгшин настай хүнийг хүртэл буудах ямар хэрэг байна. Зөнгөөрөө удахгүй үхэх хүнийг зүгээр орхино биз дээ. Тийм л хайр найргүй, зэрлэг үйл хийсэн байдаг даа.
-Бүх хүнд зориудаар хэрэг тохож, хэлмэгдүүлсэн гэлцдэг?
-Албаар бүр бодлогоор шүү дээ. Тусгай ухуулгын бүх арга замыг нь заагаад өгчихсөн жижигхэн номнууд тэр үед байсан байдаг. Одоо тэр нь архивт байж л байна. Энэ бүгдийг ил гаргах л хэрэгтэй. Дахиад бид ийм асуудлаар, энэ нам тэгсэн гээд хоорондоо хагаралдах юм бол ахиад л энэ явдал давтагдана, ахиад л Коминтерний бодлогоор бие биеэ алж байсан шигээ бусдын бодлогоор бие биеэ хэмлэнэ. Энэ аймшигтай том аюул. Тиймээс энэ хэлмэгдүүлэлтээс сургамж авах ёстой. Хойч үедээ үүнийг сайтар ойлгуулж, энэ улс чинь эвлэн нэгдэж байж нэг туургатан байж хөгжих юм гэдгийг ярих хэрэгтэй байна. Хоёрдугаарт, үүнээсээ сургамж аваад монгол соёлын дархлааг бий болгох ёстой. Өнөөдөр монгол залуучууд мэргэжил эзэмшээд байдаг, гэтэл нөгөө хүн болох сургааль нь үгүй болчихсон байна. За чи сайн сурлаа улсаа хөгжүүлээрэй гээд мэргэжилтнүүд бэлтгээд байдаг, нөгөөдүүл нь хүн болоогүй байдаг. Ёстой нөгөө чононд хонь хадгалуулна гэдэг шиг. Мянган сайхан бодлого, мянган сайхан төлөвлөгөө хийгээд бид хөгжихгүй. Уг нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа зарлиг гаргаж, ЕБС-д хүн болох шашин соёлын төлөвшлийн хичээл гэж оруулъя гэж байсан. Би тэр Ажлын хэсэгт нь орж ажилласан. Гэтэл бурхан гэдэг үг оруулахгүй гэсэн. Тэгэхээр одоо яах вэ. Ерөнхийлөгч нь зарлиг гаргачихаад байхад Боловсролын яамныхан нь эсэргүүцээд бараг дайн болж байгаа юм биш үү. Ингээд би холдсон.
-Жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиодог. Энэ өдөр тодорхой ажлууд хийгээд байдаг юм билээ?
-Жилд ганц болдог энэ өдөр соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг сайн хийх хэрэгтэй юм. Анагаах ухаан, одон орон, хэл шинжлэл, яруу найргийнхан салбар салбартаа уламжлалаа сэргээж, энэ хэл соёлоо өөрсдөө хэрэглэж дахин сэргээж хэрэглээнд оруулах, амилуулах, мэдүүлэх ажлуудыг хиймээр байна. Хамгийн гол нь мэдэхгүйгээс л энэ асуудал үймрээд яваад байгаа юм. Ийм учраас тал бүрээр нь мэдүүлэх ажил хийх хэрэгтэй.Би жил бүр есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн өдрөөр анхны долоог буудаж хороосон газар очдог юм. Хэдэн лам нар очоод ном хурна сайхан арчилж цэвэрлэнэ. Тэнд одоо нэг сайхан цогцолбор байгуулаад тахилын сүм баръя гэж байгаа. Тэндээ улсууд ирээд хүнээ бодоод зулаа өргөөд гардаг байя. Хажууд нь нэг музей баръя, тэндээ хэлмэгдсэн улсуудын эд хэрэглэл баримт материал, зураг хөрөг яс зэргийг тавъя гэж байгаа юм. Энэ зөвхөн хэдэн лам нарын л санаа. Төрөөс оролцож дэмжиж ярьж байгаа зүйл үгүй. Ийм айхтар зүйл болсон шүү, бид ингэж хэлмэгдсэн шүү гэдгийг бүрэн дүүрэн ойлгохгүй байгаагийн л илрэл юм болов уу гэж бодож байна. Энэ хэлмэгдүүлэлт мартагдах л юм бол давтагдана. Монголчууд үзэл бодол, шашин, улс төрийн хувьд их олон хуваагдлаа. Үүнийг бодож тунгааж, шийдэж засах л хэрэгтэй. Бид намаар, шашнаар нэгдэхгүй, ганцхан соёлоороо л нэгдэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин