Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр зөвлөгөөнд оролцлоо

Хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хамтран ажиллах тухай  Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улаанбаатар болон Бээжин хотноо өнгөрсөн онд баталсан.

Тус хэлэлцээрийн заалтыг нарийвчлан хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн оноос эхлэн хоёр талын хамтарсан ажлын хэсэг “Хятад Монголын хооронд хил орчмын ой, хээрийн гал түймэр тэмцэх үйл ажиллагааны гарын авлага”-ын төслийг боловсруулаад байна.

Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн Монгол Улсын талын ахлагч, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ОБЕГ-ын алба хаагчид болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх, хилийн төлөөлөгч, хурандаа А.Эрдэнэчимэг, ХХЕГ-ын Хилийн хэлтсийн дарга, хурандаа О.Баттулга нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хотноо ажлын айлчлал хийлээ.

Уулзалтад БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны Гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх газрын дарга, Ян Сюдун, Олон улсын хамын ажиллагаа, аврах газрын дарга Лю Вэйминь, Гадаад харилцааны яамны хил, тэнгисийн газрын зөвлөх, Цай Яньдун, ӨМӨЗО-ны Онцгой байдлын газрын дарга, Чан Жиган, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Хамтран боловсруулсан гарын авлагын төслийг эцэслэн хэлэлцэж, Шилийн хотын гал унтраах салбар ангийн техник хэрэгсэл, ажиллагааны удирдлага, хил орчмын түймрээс хамгаалах бүсийн бүтээн байгуулалттай танилцан, ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага судлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.