Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэр гарсныг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр, жилийн өмнө валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт болж, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр хэлбэлзэн унаж, улмаар 2022 оны аравдугаар сарын 5 буюу яг нэг жилийн Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас шийдвэр гаргаж байсныг хэллээ. Энэ чиглэлээр нэг жилийн дотор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулья гэв. Нэгдүгээрт, Монгол Улсын ваютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Хоёр дахь үр дүн гэвэл энэ оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон. Улмаар гуравдугаарт, төгрөгийн ханш харьцангуй тогтворжиж буйг мэдээллээ.
Төгрөгийн ханш унаж, хамгийн дээд талдаа Монголбанкын албан ёсны ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3525 төгрөгтэй тэнцээд байсан бол өнөөдрийн ханш нь 3457 төгрөг болоод байна гэв.
Дараагийн үр дүн гэвэл Монгол Улсын экспорт нэмэгдсэн. Энэ оны эхний 9 сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрч, үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 сая тонноор нэмэгдээд байна гэв.
- Зэсийн баяжмалын экспорт 1 сая 154 мянган тоннд хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 5 хувиар өсөөд байна.
- Төмрийн хүдэр 4.2 сая тонныг экспортолж, өнгөрсөн онтой харьцуулахад 33 хувиар,
- Газрын тосны экспорт 3 сая баррель болж, өнгөрсөн оныхоос 2 сая баррелиар тус тус өсжээ.
Энэ бүхэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн, жилийн дотор гарсан үр дүн юм гэдгийг тэрбээр онцоллоо. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар тэрбээр тодотгон хэлэхдээ:
- Ашигт малтмалыг худалдан борлуулж, тээвэрлэх гэрээг бүгдийг нь бүртгэлжүүлсэн,
- Экспортыг гааль, татварын алба дээр автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулан хийж байна.
Ингэснээр Монгол Улсын авч буй татварын хэмжээ эрс нэмэгдэж, үүний үр дүнд энэ онд төсвийн тодотголыг 1.8 их наяд төгрөгөөр хийж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан гэв.