Үндэсний төв номын сангийн хуучин байрыг сэргээн засварлана

Үндэсний номын сангийн одоо үйл ажиллагаа явуулж буй байрыг Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээхээр болжээ.

Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол өдгөө гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.

Тиймээс 2022 онд хуучин номын сангийн барилгыг хүчитгэл хийх засварын зураг төслийг баталжээ. Үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах гэнэ. Тодруулбал, шинэ барилгадаа уншигчдад зориулсан ном бүтээлээр олон нийтэд үйлчлэх бол хуучин номын сан нь судалгаа шинжилгээний тал руугаа түлхүү ажиллах ажээ.