Монгол Улсыг 2024 онд аялахад хамгийн тааламжтай орны нэгээр "Lonely Planet" онцолжээ

Дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн сайт “Lonely Planet” 50 жилийнхээ ойн босгон дээр 2024 онд аялахад хамгийн тааламжтай орны нэгээр Монгол Улсыг шалгаруулсан байна. 

Монгол Улсад аялахаар зэхэж буй жуулчдад үндэсний хөгжим, үндэсний хоол тэр дундаа бууз болон Үндэсний их баяр наадам, байгалийн сайханд морь унаж эрх чөлөө мэдрэх боломжтой аялахад хамгийн тааламжтай, жуулчдад ээлтэй улс хэмээн онцолжээ. Түүнчлэн заавал очиж үзэх ёстой газрын нэгээр “Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар”-ыг санал болгожээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж агаарын тээврийн либералчлал, аялал жуулчлалын цахим шилжилт, аялал жуулчлалын стандарт, олон улсад Монгол Улсаа сурталчлан таниулах ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлж буй үр дүн эхнээсээ гарч байна хэмээн Соёлын яам мэдээлэв.