Ашигт малтмал, газрын тосны газраас Улаанбаатар төмөр зам, ГЕГ-ын Төв лаборатори, Гаалийн бүрдүүлэлтийн газар, шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй шатахууны татан авалт, тээвэрлэлт, зохион байгуулалтын асуудлаар зөвлөлдөв.
Толгойт өртөөнд болсон уулзалтаар холбогдох талууд хилээр орж ирсэн вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэж, салаа замуудад тавих, гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, лабораторийн шинжилгээг хэрхэх асуудлаар санал солилцжээ.
Энэ үеэр Гаалийн бүрдүүлэлтийн газраас гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийхийн тулд салбар, нэгжүүд амралтын өдрүүдэд ч ажиллаж байгааг онцоллоо. Мөн УБТЗ-аас хамгийн их ачаалалтай ажиллаж буй Толгойт өртөөнд нэмэлт сэлгээний ажил зохион байгуулж байгааг дуулгав. Өчигдрийн байдлаар шатахуунтай 485 вагон (29100 тонн шатахуун) хил, боомт, өртөөдөд зогсож байна. Үүнээс Толгойт өртөөнд шатахуунтай 195 вагон (11700 тонн шатахуун) татан авалт хийхээр зогсож байгаа юм.
ОХУ-ын Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 22-нд нефтийн бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьж, үүний улмаас манай улсад шатахууны хангамжийн доголдол үүссэн билээ. Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авсны дүнд 2023 оны аравдугаар сарын 06-наас нийлүүлэлт хэвийн болсон. Нийлүүлэгч талаас ес болон аравдугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотой хилийн боомт, өртөөдийн ачаалал эрс ихэсчээ.
Иймд АМГТГ-аас хилээр орж ирсэн шатахууны лабораторийн шинжилгээ, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, татан авалтыг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг ярилаа. Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлт, шинжилгээг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах хүсэлтийг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлснээр шатахууны хангамж тогтворжих хүртэл хамтарч ажиллахаар тохиролцжээ.
Улсын хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 07-ны байдлаар нийт 85073 тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 2510 тн, АИ-92 автобензин 27164 тн, АИ-95 автобензин 6466 тн, дизель түлш 44,72 тн үлдэгдэлтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл А-80 автобензин 15, АИ-92 автобензин 22, АИ-95 автобензин 33, дизель түлш 24 хоногийн нөөцтэй байгаа аж.