“Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар дэд хурандаа Б.Саранцэцэг тодорлоо

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 102 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан шалгаруулсан ДХИС-ийн “Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Саранцэцэг тодорлоо.

Дэд хурандаа Б.Саранцэцэг Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.

Тэрбээр  2021 онд гамшиг судлалын анхны докторын зэргээ хамгаалж,  “Гамшгийн эрсдэлийн менежмент” нэг сэдэвт бүтээлээ Оюуны өмчийн газрын даргын 2023 оны А/75 дугаар тушаалаар 14850 дугаартай эрхийн гэрчилгээг авсан.

Энэ онд  докторын нэг, магистрын дөрвөн суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдан чиглүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн хянан магадалгаа бүхий сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор долоо, хоёрдугаар зохиогчоор гурван удаа эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл хэвлүүлсэн.

ДХИС-ийн төлөвлөгөөнд тусгасан нэг суурь, хоёр хавсарга судалгааг хийж гүйцэтгэснээс гадна ОБЕГ-ын захиалгат “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг бэлтгэх сургалтын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлыг Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран хийж, “Ахисан түвшний боловсролын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөгжлийн чиг хандлага”  хавсарга судалгааны тайлан, ахисан түвшний боловсролын судалгааны ажлын товчооныг олны хүртээл болгоод байна.

Мөн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Залуу судлаачдыг дэмжих сангийн хамтарсан “Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт заасан хүний эрхийн нэр томьёоны тодорхойлолт, тайлбарыг боловсруулах нь” судалгааны багт ажилласан.

Тэрбээр ОБЕГ-ын дэргэдэх  “Шинжлэх ухаан технологийн зөвлөл”, ДХИС-ийн “Гамшиг судлалын профессорын судалгааны баг”-т тус тус гишүүнээр ажиллаж байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний  “Грант олгох төсөл” шалгаруулах 2023 оны уралдаанд “Монгол оронд тохиолдох үерийн аюулын нийгэм эдийн засгийн үр дагавар, эрсдэлийг тооцоолох аргазүй боловсруулах” суурь судалгааны төслөөр оролцож, энэхүү төслөөр тэргүүн байр эзлээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.