БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч Жей Ширийг хүлээн авч уулзлаа.
Тус корпораци нь нийслэлийн цэвэрлэх байгууламжаас гарч буй буй бохир усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станциудад нийлүүлж, дахин ашиглах ажлыг эхлүүлэхээр Засгийн газартай тохироод байгаа юм. Уулзалтын үеэр БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станциудад нийлүүлэхэд хэд хэдэн асуудал тулгарч байна. Монголын төр засгийн тогтворгүй байдлаас болж төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихаар ТЭЗҮ-ээ боловсруулан бэлтгэл ажилдаа ороод байсан компанийн ажил цуцлагдлаа.
Тиймээс төслөө үр дүнд хүргэхийн төлөө төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай 300 сая ам.долларын санхжүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайх хэрэгтэй болоод байна” хэмээв.
Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч Жей Шир “Мянганы сорилтын корпорацийн хувьд II шатны компакт гэрээнд гарын үсэг зурсны дараа хэрэгжих төсөлд зориулж 350 сая ам.долларын зээлийг олгохоор болсон. Тиймээс дахин санхүүжилт гаргах боломжгүй. Гэхдээ төслөө үр дүнтэй болгохын тул төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хандивлагч орнуудаас олох боломжийг судалж, гарц хайхад татгалзах зүйлгүй” гэлээ.