М.Анхцэцэг “Ашгабат 2017” наадмаас алтан медаль хүртлээ

Азийн танхимын болон тулааны спортын “Ашгабат-2017” наадмын хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдсөн ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг аваргын алтан медалийн эзэн болжээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д өргөлтийн нийлбэр дүнгээр 235 кг өргөж түрүүлсэн бол Узбекстаны тамирчин Отакузиева Омадой 231 кг, Японы Камияа Аюүми 224 кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

М.Анхцэцэгт шагналыг Азийн олимпийн зөвлөлийн мэдээлэл статистикийн байнгын хорооны дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардуулав.

Туркменистаны нийслэл Ашгабат хотноо болж буй наадам есдүгээр сарын 27-нд өндөрлөнө. Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд туркмены уламжлалт барилдаан, кураш, бүстэй барилдаан, жюү жицү, самбо, биллиард, чөлөөт бөх, электрон спорт, хүндийг өргөлт, муайтай бокс, кикбокс, бүжиг, 3х3 сагсан бөмбөгийн төрлүүдэд хүч, ур чадвараа сорьж байна.